Вакцины давтан тунг иргэдэд хамгийн ойр байрлах цэгт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-30 12:21:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдрийн 20.00 цагийн байдлаар, "COVID-19" халдварын эсрэг вакцинжуулалтад нийт 290.108 хүнийг хамруулаад байна. 


Нийслэлээс гадна аймаг, орон нутагт эхний ээлжийн вакцинжуулалтыг Өмнөговь, Төв, Дархан-Уул, Орхон, Говь-Алтай аймагт эхлүүлээд байгаа талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа, "Дараагийн ээлжийн вакциныг ирэх сараас татан авна. Тодруулбал, БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн нийт 900 мянган тун, ОХУ-ын "Спутник" вакцин нэг сая тунг 4 дүгээр сард багтаан авна. Мөн вакцины давтан тунг 4 дүгээр сарын 2-ноос тарьж эхэлнэ" гэж мэдээллээ. 


Вакцинд хамрагдсан хүний тоо 290 108 болов.


"Хатуу хөл хорио тогтоосон үед иргэд вакцины 2 дахь тунгаа хэрхэн яаж хийлгэх вэ?" гэсэн асуултад тэрээр, "Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдийн мэдээлэл бүгд байгаа учир энэ талаар иргэдийн гар утасны дугаарт тодорхой мэдээлэл бүхий мессеж илгээнэ. Хаана, хэзээ хийх талаар мэдээлж, аль болох оршин суугаа газарт нь ойр байхаар зохицуулж ажиллана. Өрхийн эмнэлгээс тухай бүр нь мэдээлэл өгнө" гэв. Иргэдийг аль болох чирэгдэлгүйгээр 2 дахь тунг хийх ажлыг зохион байгуулна гэдгийг ЭМЯ-наас тодотголоо. 

Худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг дархлаажуулалтад нэн түрүүнд албан ёсоор хамруулж эхэлсэн учир холбогдох хороо, дүүргийн болон өрхийн эмнэлэгтээ хандан хүсэлтээ гаргаж хамрагдах боломжтойг мөн мэдээллээ. Өнөөдөр нийслэлд вакцин тарих 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг хамруулна.



相关新闻