Цус сийвэнг удаан хугацаанд хадгалах боломж бүрджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цусны банк цус сийвэнг хөлдөөн нэг жил хадгалдаг байсан бол одоо хоёр дахин урт хугацаанд хадгалдаг болж байна.
Азийн хөгжлийн банкны 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цус, цусан бүтээгдэхүүн бэлдэж, хадгалахад зориулсан 50 шахам нэр төрлийн тоног төхөөрөмжийг цусны банкинд өгснөөр ийм боломж бүрджээ. Хөдөөгийн сумд руу ч цус сийвэн зөөвөрлөх зориулалтын явуулын хөргөгчтэй болсон гэдгийг цусны банкны бага эмч С.Өлзийсайхан хэллээ.
Тус цусны банк жилд 80 орчим литр цус доноруудаасаа бэлддэг байна. Осол гэмтэл ихэсч, хавдрын өвчлөлийн тохиолдол буурахгүй байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээг өсгөдөг. Үүнээс гадна цусны банк ердөө дөрвөн төрлийн л бүтээгдэхүүн бэлддэг байсан бол тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр сүүлийн гурван жилд цус, цусан бүтээгдэхүүний төрөл гурав дахин өсчээ.
Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэгцээг хангаж буй 300 гаруй цусны донор Дундговь аймагт бий. Жил тутамд донорын эгнээ өргөжиж байгаа ч Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүн амын 3-5 хувь нь донор байж цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангана гэсэнтэй харьцуулахад багад тооцогддог байна.
Т. Отгонтуяа