Өнөөдөр халдварын тохиолдол бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-02 13:26:44

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-ын дарга, Шуурхай штабын менежер Р.Гандиймаа:

-Өнөөдөр халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Хавьтлуудаас энэ хугацаанд 372 сорьц авсан. Үүнээс 152 ойрын хавьтлын шинжилгээнээс халдвар илрээгүй. Хоршоолол, Өндөр-Улаан, Хангай зэрэг сум дахь ойрын хавьтлуудын шинжилгээ сөрөг гарсан. Хангайн сумынх 14 хоногийн дараах давтан шинжилгээ сөрөг гарч байна. Одоогоор ойрын хавьтал 971, дам хавьтлын 2201  хүн байна. Хүн амын дунд халдвар байгааг тандах зорилгоор зах, үйлчилгээний газруудад ажилладаг 189 хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Тиймээс халдвар каластр дотроо явж байна гэж дүгнэхээр байна. Эрдэнэбулган сумын том голомтыг хумиж байгаа ч иргэд улам хичээх хэрэгтэй. Халдвар фитнес, массаж гээд эмнэлэг рүү зөөвөрлөгдөн орсон том голомт байгаа. Сум руу явах 1400 хүүхдээс шинжилгээ аваад өчигдрөөс орон нутагт нь буцааж эхэлсэн. 

-Тусгай эмнэлэг Халдварт, Хүүхдийн тасаг, Нэгдсэн эмнэлэг 3 блоктой. 57 хүнээ Халдварт болон Хүүхдийн эмнэлэгт эмчилж байна. Нөхцөл байдал хүндэрвэл Нэгдсэн эмнэлэгт 60 ор дэлгэсэн байгаа. 57 хүний эмчилгээнд дутагдсан зүйлгүй байна. Бид ДЭМБ, Эрүүл мэндийн сайдын удирдамжийн дагуу эмчилгээ хийж байна. Вирусний эсрэг эмийг 2 удаа татан авсан, нөөцтэй. PCR шинжилгээний урвалжийг 2 удаа татан авсан. 

-Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Амбулаторийн 14 тасаг ЭМГ руу нүүж байрласан. Шаардлагатай иргэд ЭМГ-т очиж амбулаториор үйлчлүүлж болно.

-Коронавирусний халдвартай хүмүүсийн мэдээллийг хүний эрхийн талаас зарлахгүй. Хэн ч халдвар авч болно. Ялангуяа гадуурхаж болохгүй. Бид цар тахлын үед амьдарч байна. Халдвар авсан жирэмсэн эх 4 дүгээр сарын эхээр төрнө. Биеийн байдал нь хөнгөн, ургийн байдал ч хэвийн байна. Төрөлт хэвийнхээс ялгаатай учраас хүндрэл гаргахгүй байх бэлтгэлийг хийж байна. ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн багуудаас байнга зөвлөгөө авч ажиллаж байна.

-Групп сунгалтын асуудлыг ЭМДЕГ-т хандаад цахимаар зохион байгуулахаар болсон. Иргэд эмч нартайгаа холбогдоод утсаар мэдээллээ өгөөд дүгнэлтүүд нь цахимаар гарна. 

-Хавьтлуудын тоо нэмэгдэж байгаа учраас хаана ч халдвар байх магадлалтай. Иргэд амны хаалтаа байнга зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барихыг ягштал хэвшүүлээрэй. Мөн хоолой, хамрын угаалгад анхаарах хэрэгтэй. Хоолойг сод, давс, нимбэг гэхчлэн өөрт таатай байдлаар уусмал бэлтгээд өглөө оройд, мөн гадагш гараад ирсэн бол зайлахыг зөвлөе.


-Дэглэм улаан түвшинд хэвээр байгаа учраас иргэдээс хичээл зүтгэл шаардлагатай байна.



相关新闻