Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуй нэгж, байгууллагууд хандив өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдрийн байдлаар 61-д хүрсэн. Цар тахлын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн хүндрэл үүсч эхэлжээ. Аймгийн хэмжээнд хэвтэн эмчлүүлж байгаа нийт 57 иргэн /бүрэн эдгэсэн-4/ байгаа бөгөөд эмчлүүлж байгаа болон тусгаарлагдаж байгаа хүмүүс рүү эмч, эмнэлгийн ажилтнууд нэг удаагийн иж бүрэн хамгаалалтын хувцас өмсөж ордог.
Энэ мэтчилэн эм, эмнэлгийн хэрэгслийн тухайд өвчтөний биеийн байдлаас хамаарч, харилцан адилгүй зардал гарч байна. Мөн хяналтын пост, аймаг, сумдад үүрэг гүйцэтгэж байгаа нийт алба хаагчийн хоол унд, тээврийн шатахуун, багаж хэрэгсэл гэхчлэн зардал багагүй гарч байгаа аж. Голомтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн бэлэн байдлын хангалтыг тасалдуулалгүй хариуцлага өндөртэй ажилласаар байгааг АОК-оос мэдээллээ.
Аж ахуй нэгж, байгууллагуудаас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд сэтгэл санааны дэмжлэг, эд материалын болон мөнгөн хандив өгсөөр байна.
Өнөөдрийн байдлаар цар тахлын хүнд хэцүү үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан АОК, Шуурхай штабт коронавирустэй тэмцэх үйл ажиллагаанд зориулан,
-Төвшрүүлэх сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Дашчойнхор-3.000.000 төгрөгийн үнэ бүхий хамгаалах хувцас хэрэглэл
-МСҮТ-1.500.000 төгрөг
-Архангай аймгийн Ардчилсан намын хороо-4.000.000 төгрөг
-"Бага рашаант" ХХК-2.250.000 төгрөгийн үнэ бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн,
-"Ар ус ундарга" ХХК-3.000.000 төгрөг
-"Гурван тамир" ХХК-25.000.000 төгрөгийн хандив тусламжийг тус тус үзүүллээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд АОК-ын дарга Д.Золжаргал хандив өргөсөн албан байгууллага гүн талархал илэрхийлж, Онцгой комиссын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал хадгалууллаа.