Саиед Моллаи өнөөдөр нутгийнхаа жүдочтой барилдах магадлалтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-07 14:35:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизийн Бишкек хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг төлөөлөн барилдах, дэлхийн аварга Саиед Моллаи өнөөдөр хүчээ сорино.


Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдах Монголын иргэншил авсан иран бөх С.Моллаи эхний тойрогт гоц мөргөж, 2 дугаар тойрогт нутаг нэгт Ираны тамирчин Камяаби Амин, Иорданы жүдоч Бакер Алзиданеен нарын хэн ялсантай барилдахаар оноолт таарчээ.


Монголын шигшээ багийн тамирчдаас халдвар илэрсэн тул Зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Саиед Моллаигийн хувьд Израил улсад бэлтгэл хийн, Бишкект ирсэн бөгөөд Монголын шигшээ багтай Гүрж улсад бэлтгэл хийгээгүй юм байна.


Энэхүү Ази, Далайн орнуудын АШТ-д Австрали, Тайвань, Фижи, Гуам, Хонконг, Энэтхэг, Иран, Япон, Иордан, Казахстан, Кувейт, Киргиз, Ливан,  Монгол, Балба, Шинэ Зеланд, Пакистан, Хятад, Филиппин, Катар, БНСУ, Саудын Араб, Сири, Тажикистан, Таиланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Йемен зэрэг 29 орны үндэсний шигшээ багийн эрэгтэй 112, эмэгтэй 83 нийт 195 жүдоч ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

相关新闻