20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-23 09:45:07

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. АНУ-ын Остин хотод болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын The MongolZ” баг дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо.


20 хоногийн өмнө эхэлсэн энэхүү тэмцээнд Азийн тав, Европын 16, Америк тивийн 11 баг шалгаран өрсөлджээ. Ази тивээс таван баг эрх авсны хоёр нь Монголынх байв. Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors”-ын залуус Хятадын багт ялагдсанаар тэмцээнээ дуусгаж, 25-27 дугаар байрыг хуваан эзэлжээ. 


Харин “The MongolZ” баг Ази тивээс ганцаараа шилдэг наймд шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болов. Энэ шатанд тэд эхлээд “FaZe Clan”-ыг, хагас шигшээд  Бразилын “paiN Gaming” багийг тус тус буулган авснаар финалд шалгарав. Финалд манай залуусыг 39 тоглолтоос ердөө хоёрхон ялагдал амссан, ялангуяа сүүлийн долоон тэмцээнийхээ зургаад нь түрүүлсэн дэлхийн чансааг тэргүүлэгч Францын “Team Vitality” хүлээж байлаа. Ингээд монголчуудын төдийгүй “MongolZ багийн үнэнч фанатуудын тоглолт 2025 оны зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:30 цагт эхэлсэн юм.


Энэхүү шийдвэрлэх тоглолтыг Монголын залуус Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, Ховд аймгийн Ард Аюушийн талбай, Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбай зэрэг газарт олноороо цуглан багаа дэмжив. Уг тоглолтод манай баг 1:2-оор ялагдлаа. Эхний үед 13:5-аар хожсон ч Францын баг үлдсэн хоёр үеийг 4:13, 6:13-аар буулган авснаар хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ-ий аваргаар тодорлоо. Харин манай баг мөнгөн медалийн эзэн болж, түүх бүтээлээ.


Нэг сая 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга болсон баг 500 мянган ам.долларын эзэн болсон. Харин дэд байрт орсон “MongolZ” баг 170 мянган ам.долларын шагналт хүртжээ. Тэгвэл хагас шигшээд шалгарсан багууд 80 мянга ам.доллар авсан байна. “MongolZ” баг финалд шалгарч байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэйгээр тодорсон. Манай багийн дундаж нас 20.8 байв. Түүнчлэн Азиас финалын шатанд шалгарсан анхны баг болоод зогсохгүй нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг 36 удаа гэмтээсэн үзүүлэлтүүд дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн нэг тоглолтод хамгийн олон буюу 53 үе гаргасан баг болов. 20 гаруй жилийн түүхтэй Counter-Strike тоглоомын цахим түүхэнд MongolZ” шиг өндөр амжилт үзүүлсэн Ази баг өнөөдрийг хүртэл байгаагүй юм. Хэдий хожигдсон ч монгол залуус өнөөдөр түүх бүтээлээ.


Blast.TV Austin Major тэмцээний шигшээд хүч үзсэн Монголын The Mongolz болон Францын Team Vitality багийн тоглолт Counter-Strike тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй болсныг Esports Charts-ийн датаг харуулжээ. Тодруулбал, энэ оны ДАШТ-ий оргил тоглолтын албан ёсны шууд дамжуулалтыг дэлхий даяар 1 сая 776 мянга гаруй хүн үзсэн аж. Мөн монгол хэл дээрх шууд дамжуулалтын хандалт 100 мянга давсан нь мөн л түүхэн дээд үзүүлэлт болсныг Echarts-аас мэдээлсэн байна.























相关新闻