УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-30 10:23:36

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Хэнтий аймагт ажиллав.

УИХ-ын даргыг Хэнтий аймагт хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн Чингисийн талбайд хүндэт харуул угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд аймгийн удирдлага, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагуудтай уулзалт хийж, орон нутгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл авсан юм.

Мөн тэрээр Хэнтий аймгийн төвд хийж буй зарим бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэв. Энэ үеэр Хэрлэн сумын Нэгдүгээр багийн хөгжлийн төв,  4 дүгээр цэцэрлэг, 338 айлын "Хэрлэн" орон сууцны цогцолбор хороолол нээлтээ хийлээ. Түүнчлэн Хэрлэн багийн төвд Өрхийн эмнэлэг, цагдаа, багийн Засаг дарга байрлаж төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.

Мөн УИХ-ын дарга  Чингис хотод хийж буй "Шинэ Өндөрхаан" хороолол, Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Хан хэнтий чуулгын барилгын ажлын явц байдалтай танилцав.

Түүнчлэн Чингис хотын төв талбайд бүтээсэн Их Монгол улсын цадигийг бичилцэхэд үр хүүхэд, төр улсдаа хүндтэй гавьяа байгуулсан Монгол төрийн авралт эх - Өэлүн эхийн дурсгалын хөшөөний нээлтийн ёслолд оролцсон юм.

УИХ-ын дарга З.Энхболдыг Хэнтий аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

相关新闻
注释