Хөл хорионы нөхцөлд тариалалт эхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт хаврын тариалалтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ жил тус аймаг 163.2 мянган га-д үр тариа, 8.6 мянган га-д тэжээл, 17 мянган га-д тосны ургамал, 2722 га-д төмс, 2789 га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөжээ.
Аймгийн хэмжээнд үр тарианы 278 ААН, 160 гаруй иргэн, төмс, хүнсний ногоо тариалдаг 33 аж ахуйн нэгж, 2100 гаруй иргэн, жимс жимсгэнэ тариалдаг 480 гаруй иргэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ жилийн тухайд коронавирусний цар тахлын улмаас хөл хорионы нөхцөлд хаврын ид ажил эхэлж байгаа. Ийм онцлог нөхцөлд цаг үеийн ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөрөөс тодрууллаа.
Тэрээр: “Энэ жилийн хаврын тариалалтын ажил нэлээд хүндрэлтэй нөхцөлд эхэлж байна. Тухайлбал аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн сумандаа тариалан эрхлэх гэж буй ААН-үүд, иргэд хүсэлтээ тухайн сумынхаа Онцгой комисст өгнө. Эргээд тухайн сумын Онцгой комисс аймгийн ХХААГ-т буюу аймгийн Онцгой комисст хүсэлтээ илүүлнэ. Үүний үндсэн дээр тухайн ААН-үүдийн тариалалтад орох зөвшөөрлийг цааш нь суманд нь өгөөд хаврын тариалатын ажил эхэлнэ. Энд бид аль болох хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр ажиллахыг хичээж байна. Зарим нэг сумдад хүндрэл гарч байгаа. Үүнийг бид нөхцөл байдалдаа тулгуурлаад аль болох талаас нь хариуцлагатай анхаарч ажиллаж байна. Бидний хувьд цаашид тулгамдаад байгаа нэг асуудал бол Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотоос сэлбэг хэрэгслээ зөөвөрлөх асуудал байгаа. Үүнийг эхний ээлжинд 4-р сарын 25 хүртэл хөл хорионы хугацаанд Дархан-Уул аймгийн пост дээр юм уу, тухайн сумдын хүнсний тээвэр хийж байгаа солилцооны постууд дээр солилцохоор тохиролцоод ажиллаж байна. Бас нэг тулгамдсан асуудал нь техникт засвар үйлчилгээ үзүүлдэг механикчид очсон газартаа заавал 10 хоног тусгаарлалтад байх учраас цаг хугацаа алдах хүндрэл гарч байна. Энэ хугацаанд ажил хийх боломжгүй” гэлээ.