Тосонцэнгэл сумын иргэд 100 гаруй сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-28 19:06:06

Завхан/МОНЦАМЭ/.Тосонцэнгэл сумын Улаанбаатар хотод суугаа болон нутгийн уугуул иргэдээс сумандаа 100 гаруй сая төгрөгийн хандив өглөө гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тус суманд коронавирусний батлагдсан тохиолдлуудын тоо өсөж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Улаанбаатар хотод суугаа нутгийн уугуул иргэд санаачлан хандивын аяныг өрнүүлсэн байгаа.

Мөн нутагтаа сууж буй иргэдээс гадна гадаадад суугаа олон иргэд хандив өргөөд байна. Нутгийн 487 иргэнээс 100 гаруй сая төгрөгийн эм, хэрэгсэл, сумын эмнэлэгт фургон автомашиныг хандивлаад байна. Онцгой комисст 68 иргэнээс 47,535,000 төгрөгийн эм хэрэгсэл, бусад эд зүйлс хандивласан. Эдгээр эд зүйлсийг нөөцөд бүртгэн аваад байна. Коронавиурсний тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдөрт 100 орчим ширхэг хамгаалах хэрэгсэл хэрэглэж байгаа тооцоо гарсан байгаа.

Тиймээс халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид болон бусад алба хаагчдад хамгаалах хувцас хэрэгсэл хамгийн чухал юм. Цар тахлыг богино хугацаанд хумих ажилд зориулж төрсөн, өссөн нутагтаа хандив тусламж илгээсэн бүх хүнд иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.

Халдварыг хумих, тандалт судалгаа, шинжилгээний ажилд өдөр бүр 24 цаг ажиллаж буй нийт алба хаагч нартаа талархал илэрхийлж байна” гэв. Ташрамд тус суманд хатуу хөл хорионы үеэр сум дотор хүнсний 10 дэлгүүр, зургаан эмийн сан иргэдэд хүргэлтээр үйлчилж байна. Бүтэн өнчин хүүхдүүд болон амьжиргаа доогуур айлуудад хүнс, дархлааны эм бэлдмэл өгч байна. Хөдөөгийн малчдад хүнс, өвс тэжээл, эм тариаг пост дээр хүлээлцэх ажлыг хийж байна. Гаднаас тус суманд ирж буй харьяатай иргэдээ хүлээж авна. Харин гадагшаа зорчих иргэдийг гаргахгүй байхаар шийдвэрлэсэн байгаа. Тус суманд ажиллаж байсан явуулын PCR аппарат буцсантай холбоотой сорьцуудыг 29-ний өдөр Увс аймаг руу тээвэрлэлт хийж шинжлүүлнэ гэж Шуурхай штабаас нэмж дуулгалаа. 


相关新闻