Осолдсон хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн гашуудал зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 18-ны өдөр Оросын Карелийн Бүгд Найрамдах улсын Сямозеро нууранд зуныхаа амралтаар амарч явсан Москвагийн 13 сурагч амиа алджээ.
Тэр өдөр 47 хүүхэд, 4 том хүн хоёр завинд хуваагдаж суугаад Сямозеро нуурын аялалд гарчээ. Гэтэл далай хүчтэй салхилж, завиудыг хөмөрчээ. Эмгэнэлт явдлын улмаас 10-15 насны 13 хүүхэд, 1 том хүн амиа алдсан байна.
36 хүнийг аварсан тухай Оросын Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилж байна. Дээрх аялалыг Москва хотын аялал жуулчлалын нэгэн компани зохион байгуулсан бөгөөд хүүхдүүд нийслэл хотоос насанд хүрэгчдийн хамт зусланг зорьсон юмсанжээ. Тэднийг хүлээн авагч тал Карелийн “Парк-отель Сямозеро”нэртэй зуслан байв. Хэвлэлд бичиж буйгаар, өмнө нь дээрх зуслангийн тухай Интернетэд маш олон сөрөг сэтгэгдлүүд бичсэн байжээ.
Аялалын өдөр тус бүс нутагт далайн хүчтэй салхи гарах тухай цаг уурын газар болон ОБЯ –аас мэдээлж байжээ. Одоо Оросын Мөрдөн байцаах газар дээрх хэрэгтэй холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Нас барагсдын цогцосыг тэр өдөр нь уснаас гаргасан бөгөөд одоог хүртэл нэг хүүхдийг олоогүй байна.
Нас барсан хүүхдүүдийн 10 нь Москвагийн ерөнхий боловсролын сурагчид байжээ. Москва хотын дарга Сергей Собянин нас барагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийллээ. Тэрээр Москва хотын болон Москва орчмын хүүхдийн зуны зуслангуудад дээрх явдалтай холбогдуулан шалгалт явуулахыг даалгажээ.
Москва хотын дарга Сергей Собянин 6 дугаар сарын 20-ны өдрийг Карелийн Сямозеро нууранд зуурдаар нас барсан хүүхдүүдийн гашуудлын өдрөөр зарлав.
Москва хот. А.Огторгуймаа