ЖАЙКА халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тогтолцоог сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамуро Эриког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын
эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-Олон улсын хамтын ажиллагааны
байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн
хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа
үзүүлж ирсэн бөгөөд эдгээр төсөл хөтөлбөр нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага
өндөр, үр өгөөжтэй ажлууд байдгийг онцлов.
Тэрээр
дэлхий нийтэд хурдацтай тархсан “Ковид-19” халдварын цар тахлын эхэн
үеэс ЖАЙКА-гаас их дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд эрүүл
мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, Полимеразын гинжин
урвалын лабораторийн оношлуур зэргийг хүлээлгэн өгснөөс гадна шинээр ашиглалтад
орсон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-ын материаллаг баазыг
бэхжүүлэхэд онцгой анхаарч техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх болсонд
талархал илэрхийллээ. Тус төв нь “Ковид-19” халдвартай өвчтөнүүдийг
хүлээн авч, эрүүл мэндийн байгууллагын ачааллаас ихээхэн хуваалцаж байгааг
тэмдэглэв.
Үүний
дараагаар хатагтай Тамуро Эрико хэлэхдээ эрүүл мэндийн салбар нь ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны
голлох салбаруудын нэг болохыг онцлоод ЖАЙКА-гаас эрүүл мэндийн салбарт
халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тогтолцоог сайжруулах, халдварт өвчний
судалгаа, эрт үеийн сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, урьдчилан сэргийлэлтийг
сайжруулах, эрүүл мэндэд заналхийлэх аюулын эсрэг авах арга хэмжээ гэсэн 3
чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.
Уулзалтын явцад талууд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санал санаачилгын талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, санал солилцов. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д “Ковид-19” халдварын эмчилгээ, сэргийлэлт, тусламж үйлчилгээг сайжруулах төслийн баримт бичигт гарын үсэг зурсан юм.