Сүүлийн есөн жил эхийн эндэгдэлгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид эх, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо.
“Эрүүл мэндийн хөтөлбөр” хэрэгжүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх
тасгийн материаллаг баазыг сайжруулах, нярайн тусламж үйлчилгээний тоног
төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, хүүхдийн өвчний цогц менежментийн сургалт
зохион байгуулах чиглэлийг холбогдох байгууллагад өгөөд байна.
Энэ оны
эхний дөрвөн сарын байдлаар эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж
үйлчилгээг коронавирусний халдварын үеийн дэглэмийг баримтлан 4617
үйлчлүүлэгчид үзүүлжээ. Мөн орон нутагт эх барих эмэгтэйчүүдийн
яаралтай тусламжийн 15 алсын дуудлага, нярайн тусламж үйлчилгээг дөрвөн удаа Могод,
Бүрэгхангай, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгонд яаралтай мэс заслын тусламж
үйлчилгээг хүргэсэн байна.
Сүүлийн
3 жилийн байдлаар эхийн ноцтой хүндрэл 10, энэ он гарсаар дөрөв бүртгэгдэж, эх барихын яаралтай
тусламжийг багаар шуурхай үзүүлэн ажилласнаар эхийн амь эрсдэхээс сэргийлжээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих
эмэгтэйчүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар өрх, сумын эрүүл мэндийн төвийг
хариуцан ажиллаж, аймгийн Нэгдсэн
эмнэлгийн төрөх тасгийн тоног төхөөрөмжийн хангалт, стандарт сайжирч, нярайн тусламж үйлчилгээнд сурфактант
эмчилгээг шинээр нэвтрүүлснээр аймгийн хэмжээнд хүүхдийн эндэгдэл буурч, сүүлийн
есөн жил эхийн эндэгдэлгүй ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газар
дүгнэжээ.