Мал аж ахуйн салбарын шилдгүүдийн шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлын улмаас хойшлуулаад байсан мал аж ахуйн салбарынхны шагналыг албаныхан гардууллаа.
Аймгийн “Аварга малчин өрх”-өөр Сүмбэр сумын тавдугаар багийн малчин А.Энхтөр, эхнэр Т. Эрдэнэбаяр, Г. Эрдэнэбилэг, эхнэр Н.Бямбасүрэн, зургадугаар багийн малчин Г.Бат-Очир, эхнэр Ц.Янжин, Баянтал сумын хоёрдугаар багийн малчин Ц.Алтанхуяг, эхнэр У.Баярмаа, Шивээговь сумын хоёрдугаар багийн малчин Б.Төмөрмөнх, эхнэр Я.Мөнхдэлгэр, малчин Ц.Мөнхбаяр, эхнэр Х.Цэрэндолгор нар шалгарсан байна.
Харин уяж хурдлуулсан хурдан хүлгүүд нь улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, аймгийн наадмаас найман айраг хүртсэн Сүмбэр сумын гуравдугаар багийн иргэн Л.Жамбаасүрэн аймгийн “Алдарт уяач” цол тэмдгээр шагнууллаа.
Аварга малчин, алдарт уяачийг шалгаруулахдаа аймгийн Засаг даргын захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, нутгийн малчдыг малжуулсан байдал, малаа даатгалд хамруулсан, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, шинээр бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, үзүүр, түрүү хүртсэн амжилт зэргийг харгалзан дүгнэжээ.