Хонгконгийн “ITE-2016”-д “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөө танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-22 10:58:38

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК хамтран Хонгконгийн “ITE-2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцлоо.

Тус үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарын 300 гаруй байгууллага оролцжээ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилгоор “ITE” үзэсгэлэнд Улаанбаатар хот 2 дахь жилдээ оролцож байгаа юм. Сүүлийн жилүүдэд ажил, албан хэргийн журмаар манай хотыг зорих Ази зорчигчдын урсгал нэмэгдэж байгаа нь энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна хэмээн албаныхан хэллээ.

 “МИАТ” ХК зуны улиралд долоо хоногт 5 удаа Улаанбаатар-Хонгконг чиглэлд нислэг үйлдэж байна.

Дашрамд дурдахад Хонгконгийн иргэд дэлхийн 140 гаруй оронд визгүй зорчдог бөгөөд манай улсад 14 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой юм. Тус хот 7 сая гаруй хүн амтай ч гадаад аялалд жилд 20 гаруй тэрбум ам.долларыг зарцуулдаг судалгаа бий.

 Б.Заяа

相关新闻