Допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг БНСУ-ын лабораториос гаргуулахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан дараах шаардлагыг хүргүүллээ.
Энэхүү шаардлагад, МҮБХ-нд улсын цолтой
нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриатай албан
хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр
наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ын итгэмжлэгдсэн
лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг
дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.
Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс
шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ын
итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг та бүхэн
Үндэсний бөхийн Салбар хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн
мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.
АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой
зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр
татагдаж байсан тус байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт
холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөх үзэж байгаа.
Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн
шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран
ажилладаг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны 6 дугаар сарын 25-ны
дотор гаргуулан өгнө үү.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон улсын допингийн эсрэг байгууллагад /WADA- World Anti Doping Agency/ та бүхнийг спортын авлига, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн болно гэжээ.