Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт галт тэрэг унасан осол гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун
тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн
Цагаан тохой хэмээн газар
замын хажуу руу унасан осол өчигдөр 20:40 цаг орчимд болсон байна.
Энэ
тухай дуудлагыг тухайн өдрийн 21:45 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба
хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход бороо орж, төмөр замын ул шороо
угаагдаж төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд
78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс,
1 вагон масло/ унаж, 3 вагоноос түлш асгарч байсан аж. Энэхүү галт тэрэг нь Орхон
аймаг руу шатахуун тээвэрлэж явсан байна. Осол болсон газарт Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой
46 алба хаагчтай зургаадугаар сарын 25-ны 00:55 цагт хөдөлсөн. Ослын газарт
Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник
хэрэгсэлтэй ажиллаж байна хэмээн аймгийн ОБГ-аас
мэдээллээ.