Байгаль орчинд нөлөөлөх хохирлын үнэлгээг тогтоож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-29 00:59:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Бэлэндалай-Орхонтуул хоорондын төмөр замын 76-р км-т үерийн ус төмөр замын хөрсөнд нөлөөлж, шатахуун тээвэрлэж явсан вагонууд замын хажуу руу унасан осол гарсан. Үүний улмаас ихээхэн хэмжээний дизель түлш асгарч хөрс, болон усыг бохирдуулжээ. Иймээс эл газарт Сэлэнгэ аймгийн МХГ, ОБГ, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, БОАЖГ, Цагдаагийн газар болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилтан, алба хаагчид хамтран ажиллаж байна. Тус газраас хөрсний дээж, усны дээж авах, бохирдсон хөрсийг хуримтлуулах аюулгүй болгох ажлыг хийж гүйцэтгэж байгаа талаар аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Тус галт тэрэг осолдсон газар нутаг орчмын бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын дарга Г.Галбадрахтай уулзлаа. Тэрээр:- "Орхон гол руу түлш ороогүй. Тухайн газар нь төмөр замын бүс нутаг. Түүний ойр хавьд 5-6 км-т гол болон газар тариалангийн бүс байхгүй" гэлээ. Харин тус газарт ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс:-“Ослын улмаас асгарсан түлшний хэмжээ ойролцоогоор 80-100 тонн, түлш асгарсан талбай гурван га хамарсан гэж тогтоосон. Тус газарт Байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 см гүнтэй хөрс хуулалт хийсэн. Мөн цуваанд ачиж явсан элс, хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авлаа. Хөрс, уснаас гурван байрлалаас дээж авч шинжилгээ хийж байгаа. Энэ нь байгаль орчинд нөлөөлөх хохирлын үнэлгээг тогтоох юм. Мөн ургамлын төрөл зүйлийг тогтоож, хорт бодисыг саармагжуулах, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинжилгээнд үндэслэн шат дараатай хийнэ. Одоогоор хуулсан эрүүл хөрсийг буцаан дэвссэн. Түлш асгарсан газар нь Орхон голоос 5-6 км зайтай учраас голд хүрээгүй. Харин тус газраас 500 гаруй метрийн зайд борооны улмаас үүссэн тогтоолд түлш орсон байсан. Энэ тогтоолын уснаас дээж авч эрсдэлийг нь үнэлэх ажлыг хийж байгаа” хэмээв. 



相关新闻