Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-08 11:02:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газар сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоолоо гэж мэдээллээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар 21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат нэг хүн сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч 2020 оны 9, 10-р сард 20 гаруй хоног эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан юм.

Орхон аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн сүүлийн гурав хоног эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна. Эрлийн баг Сэлэнгэ сумын Тариахтай багийн Тариахтай давааны Улаан гүүр, Дунд моёод,  Тариахтай-Овоо, Тариахтай пост гэдэг газраар явган эрэн хайх ажиллагааг явуулжээ.

相关新闻