Их аварга Хакүхо, Озэки Тэрүнофүжи нар 12 даваатай тэргүүлж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-15 17:16:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 12 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкиваке Митакэүми-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 12 даваатай башёг тэргүүлж байна.

 

Маргааш Их аварга Хакүхо, Сэкиваке Такаясү-тэй учраа таарсан байна. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 дахь өдөр буюу өнөөдөр Комүсүби Мэйсей-тэй учраа таарч, түүнийг кимэтаоши мэхээр төвөггүй давж 12 дахь даваагаа авч Их аваргын адил нэг ч уналгүй башёг тэргүүлсээр явна. Тэрбээр маргааш Озэки Шодай-тай барилдана.

 

Нагоя башёг 12 даваатай тэргүүлж яваа Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын араас хамгийн ойр буюу 9 даваатай байгаа Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Котоновака /М-12/ хоёр тэргүүлэгчдийг нэхэж явна.

 

Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Хокүтофүжи /М-3/-тэй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 4 унаатай боллоо.

 

Харин Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Сэкиваке Такаясү-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 4 унаатай болов. Тэрбээр маргааш Комүсүби Мэйсей-тэй хүч үзнэ. Энэ өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши /М-10/-тэй таарч, түүнд коматасүкүи мэхээр унаж, 7 даваа, 5 унаатай болов.

 

Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Ишиүра /М-16/-тэй барилдаж, түүнийг ошидаши мэхээр унагаснаар 9 даваа, 3 унаатай болов. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ 12 дахь өдрийн барилдаанд Хидэноүми/М-9/-тэй барилдаж, түүнд уватэнаге мэхээр унаж 8 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Озэки Шодай энэ өдөр Окиноүми /М-5/-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяж, 7 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.

相关新闻