О.Хулан төрсөн өдрөө олимпын талбайд угтав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2021-07-27 16:26:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпод оролцож буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн охидын шигшээ багийн гишүүн, тамирчин О.Хулангийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр төрсөн өдрөөрөө БНХАУ-ын багийн эсрэг олимпын дэвжээн дэх сүүлийн тоглолтоо хийлээ. Олимпын наадмын нээлтэд улсынхаа далбааг залсан сагсчин бүсгүй О.Хулан багийнхаа хамгийн залуу гишүүн юм. Тэрээр энэ жил 22 нас хүрч байгаа юм. 

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн охид өнөөдөр мөн сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэд, "Монгол Улсаа төлөөлж багийн спортын төрлөөр олимпын наадамд анх удаа оролцсон гэдэг нь маш их нэр төрийн хэрэг байлаа. Энэ хүртэл бид бүхэн хичээж тоглоод сүүлийн тоглолтоо өнөөдөр хийж дуусгалаа. Эцсээ хүртэл биднийг дэмжсэн үзэгчдэдээ маш их баярлалаа" гэсэн байна. 




Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөс олимпын наадамд ийнхүү оролцож, Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа эх орноо төлөөлөн олимп, дэлхийн аварга багуудтай хүч сорин өрсөлдсөн юм. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын багтай хийж, хэдийгээр манай охид ялагдал хүлээсэн ч 2019 оны Дэлхийн аварга багтай хүч тэнцүү өрсөлджээ. Тоглолтын төгсгөлд олимп зохион байгуулагч орны зүгээс анх удаа багийн спортоор амжилттай оролцсон Монголын сагсан бөмбөгч охидын багт баяр хүргэж, "Монголчуудад баярлалаа” хэмээн талархал илэрхийлжээ. 

О.Хулан нь МУИС-ийн "Шонхорууд" багийн тамирчин, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч юм. 

Р.Батхишиг


相关新闻