Эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-12 14:56:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. КОВИД-19 цар тахлын үед боловсролын байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангах ажлыг хэрхэн хийх талаар эрдэмтдийн баг ажиллаж байна.


БШУЯ-аас хичээл сургуулийн бэлтгэл ажлыг хангах ажлыг долдугаар сарын 20-оос хойш маш эрчимтэй хийж, дэлхийн улс орнууд боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа хэрхэн үе шаттай нээж байгаа туршлагыг судалж ажилласан.


Цэцэрлэгүүд улсын хэмжээнд элсэлт бүртгэлээ энэ сарын 16-25-ны хооронд хийнэ.




БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, "Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрдэмтдийн багийг боловсролын яаманд мөн урьж ажиллуулсан. Сургуулийн өмнөх боловсролын хувьд үе шаттайгаар хичээлээ эхлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд хамгийн эмзэг насныхан. Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй байгаа.


Мөн хүүхдүүд улирлын шинжтэй томууд их нэрвэгддэг. Иймээс 4-5 настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар тохирсон. Ирэх сарын 1-нд цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй орчинд нээж байна. Тиймээс цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл бүх дэг журмыг БШУЯ-наас боловсруулаад эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа. 


Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ба нөхцөл байдлын үнэлгээ хийж байж,  2-3 настай хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт хамруулах эсхийг шийдвэр гарна.


Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд таван настай 77 185 хүүхдийг бүрэн хамруулахыг зорьж байна. Цэцэрлэгүүд танхимын сургалтаар хичээл эхлэнэ. Нэг ангид 20 дээр нэмэх, хасах тав гэсэн зохион байгуулалтаар хичээллэнэ. Тухайн цэцэрлэгт ямар нэгэн өвчлөл гарахгүй нөхцөлд танхимын сургалт нь үргэлжлэх боломжтой. Харин тухайн ангийн нэг хүүхдэд коронавирусийн тохиолдол илэрсэн, эрсдэлтэй нөхцөл үүсвэл 14 хоног зайн сургалт руу шилжинэ. Гурав хүртэлх бүлгээс өвчлөл илэрвэл тухайн хэсгийг 14 хоног хааж хэсэгчилсэн зохион байгуулалт хийнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь биш хэсэгчлэн хаана гэсэн үг юм.


Хүүхэд ангидаа маск зүүхгүй. Гэр цэцэрлэг хоёрын хооронд маск зүүж ирээд, үүдэндээ гараа ариутган халуунаа үзүүлж бүх ариутгалаа хийлгэнэ. Эцэг эхчүүд өөр ямар нэгэн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх хэрэгтэй.


Цэцэрлэг болон гэртээ хүүхдийн ам хоолойг зайлшгүй зайлуулах ёстой. Мөн цэцэрлэгийн орчинд хүүхдийн шүдийг угаалгахгүйгээр гэрт нь угаалгах заавар өгнө. Эцэг эхчүүд цэцэрлэг гэр хоёрын хооронд хүүхэд төдийгүй өөрсдийн халдваргүйтгэлийн дэглэмийг маш сайн барих ёстой" гэв.


Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдээс авдаг ариун цэврийн хэрэгслийг гурван сарын хугацаанд зарцуулах хэмжээгээр авна.



相关新闻