"Дельта" хувилбарын тархалтын улмаас гуравдугаар тунгаар дархлаажуулж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дельта хувилбарын тархалттай холбоотойгоор коронавируст халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхныг вакцины гурав дахь тунд хамруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар ЭМЯ, УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын дунд үеэс эрс нэмэгдэх эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.
Одоогоор дэлхий дээр өөр өөр вакциныг хольж хийх туршилт, судалгаанууд хийгдэж байгаа. Манай улсад ч гурав дахь тунгийн вакцины туршилтууд эхэлсэн байна.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр дээрх хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 2021 оны хоёрдугаар сараас вакцинд хамруулж эхэлсэн. Тэдгээр ажилтнуудад гурав дахь буюу сэдээх тунг сайн дурын үндсэн дээр тарих тушаал гарсан. Мөн тушаалд зааснаас бусад салбарын хүмүүс одоогоор гурав дахь тунд хамрагдах боломжгүй" гэв.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Монгол Улсад мутацлагдсан хувилбарыг илрүүлэх шинжилгээг тогтмол хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар, нийслэлд нийт эерэг илэрч байгаа халдварын тохиолдлын 30 хувьд "Дельта" хувилбар илэрчээ. НЭМҮТ-д Баянгол, Сүхбаатар дүүрэгт илэрсэн 100 эерэг сорьцод шинжилгээ хийхэд "Дельта" хувилбар 30, "Гамма" хувилбар 2, "Альфа" хувилбар 57 бүртгэгдсэн байна. Мөн "Дельта" хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь нь Баян-Өлгий аймагт 80 орчим хувь, Ховд аймагт 55 орчим хувь, Говьсүмбэр аймагт 43 хувь, Өвөрхангайд 10 хувь, Завханд 70 орчим хувь, Хэнтий аймагт 35 хувьтай байгаа аж.
ЭМЯ-ны судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр энэ
үеэр хэлэхдээ, “Оксфордын их
сургуулийн эрдэмтэд астразенека вакцины нэг болон хоёрдугаар тунг хийсний
дараах тархалтын түвшинд судалгаа хийсэн. Уг судалгаагаар астразенека вакцины
хоёр дахь тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа эсрэгбиеийн тоо буурдаг нь
тогтоогдсон. Түүнээс хойш тодорхой хугацааны дараа гурав дахь тунг хийхэд
эсрэгбиеийн түвшин өмнөхөөсөө 2-3 дахин нэмэгдэж байна гэх үр дүн гарсан.
Эдгээр олон улсын судалгааны үр дүнг үндэслэн бид астразенека вакцины гурав дах тунг хийх шийдвэр гаргасан. Монгол Улсын хувьд гурав дахь тунгийн судалгааг УОК-оос өгсөн үүргийн дагуу ХӨСҮТ дээр хийж эхэлсэн" гэв.
"Дельта" хувилбарын тархалт наадам хийсэн, олон жуулчин хүлээн авсан аймгуудад их байгаа бөгөөд Ухань хотын анхны хувилбараас илүү хүнд өвчлөл үүсгэж байгааг олон улсын жишээ харуулж байгаа юм байна.