Цахим бүртгэл нийслэлд 41.7 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн цахим бүртгэл одоогоор 41.7 хувьтай байна.
Улаанбаатар хотод энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо бий. Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 16-30-нд www.parent.edu.mn сайтаар хийж байгаа бөгөөд бүлгийн талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд энэ сарын 26-наас өгөх аж.
Нийслэлд 12-15 насны хүүхдийн 55.9 хувийг коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд, багш, ажилчдын 53.6 хувийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн, сургуулийн автобуснуудын 91.02 хувийг үзлэг оношилгоонд оруулаад байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэн суралцана.