БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-31 15:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд М.П.Сингх У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал сэргэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ирснээ дурдаж, цаашид Ерөнхийлөгчийн хувиар Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

Хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах Ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг энэ сарын 30-нд Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ.

Хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Уулзалтын үеэр  хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ.

相关新闻