Багийн шинэ цэцэрлэг бяцхан иргэдээ хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-01 16:21:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Салхит” 3-р багт хичээлийн шинэ жилийн эхний өдөр шинэхэн цэцэрлэг үүдээ нээж, бяцхан иргэдээ хүлээн авлаа.

Тус багийн хувьд гэр хороолол ихтэй, Сүхбаатар сумын хамгийн олон хүн амтай, томоохон баг гэдгээрээ онцлогтой. Өмнө нь тус багт цэцэрлэг байгаагүй байсан учраас хүүхдүүд төв рүүгээ хол явж цэцэрлэгт хамрагддаг байв. Харин энэ удаа ойрхон цэцэрлэгтэй болж буйд эцэг эхчүүд туйлын талархалтай байна. улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүндэрлэсэн эл цэцэрлэг 6 бүлэгтэй, 150 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ажээ. Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлын улмаас бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа гэнэ. Энэ жил ахлах бэлтгэл бүлгийн 4-5 настай 40 гаруй хүүхдүүдээ хүлээж авчээ. Тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцаж, 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байна. Мөн Сүхбаатар сумын Засаг дарга, бөгөөд сумын Онцгой комиссын дарга Т.Гантулга гал тогооны хэрэгсэл болон түр тусгаарлах өрөөг тус тус шийдэж өгсөн байна. Тус цэцэрлэгийн хувьд мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөний дагуу халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн ажиллаж эхэлжээ.  

 

相关新闻