Салбарын ажил мэргэжлийн стандарт, мэргэжлийн лавлахын төслүүдийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-08 13:26:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн дэргэдэх барилга, хот байгуулалтын салбар зөвлөлийн хурлаар “Цонх, тагтны хаалга угсрагч (суурилуулагч) мэргэжлийн стандарт” “Агааржуулалтын тоног төхөөрөмжийн техникч ажил мэргэжлийн лавлах”, “Хөргөлтийн тоног төхөөрөмжийн техникч ажил мэргэжлийн лавлах”-ын төслийг хэлэлцэв.


Ажил мэргэжлийн стандарт, лавлахад ажлын үүрэг, ажил гүйцэтгэх ур чадвар, хандлага, төлөвшил, хэрэглэх багаж төхөөрөмж, мэргэшлийн түвшин зэрэг бүхий л хэсгийг нарийн тодорхойлсон бөгөөд хэрэгжүүлэхэд ур чадварыг хүлээн зөвшөөрөх шалгуур тогтоох үндэсний систем бий болох, ААНБ-ын хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадамжийн сан бүрдүүлэх, ур чадварын хэрэгцээг хангах олон давуу талтай юм. Тиймээс салбарын шаардлагатай мэргэжлийн стандартуудыг үе шаттай боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарч, төр, хувийн хэвшил, ТББ-ууд хамтран ажиллах нь зүйтэйг хуралдаанаар тэмдэглэжээ.


Хурлыг БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн удирдаж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Салбарын сургалт, ажиллах хүчний бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч А.Лхамсэржид Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Батцогт болон холбогдох албаныхан цахимаар оролцлоо.


Түүнчлэн ХНХ-ын сайдын тушаалаар баталсан “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт YAMAT-08-д нэмэлт өөрчлөлт оруулан төслийн шатанд байгаа аж. Мөн индекс код өөрчлөгдөх магадлалтай тул дээрх ажил мэргэжлийн индекс, кодыг YAMAT–тай нийцүүлэх, шинээр гарсан саналыг тусгах нь зүйтэй гээд төслийг дэмжив.


Ташрамд дурдахад “Цонх, тагтны хаалга угсрагч (суурилуулагч) мэргэжлийн стандарт” “Агааржуулалтын тоног төхөөрөмжийн техникч ажил мэргэжлийн лавлах”, “Хөргөлтийн тоног төхөөрөмжийн техникч ажил мэргэжлийн лавлах”-ын төслийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Озоны үндэсний төв, “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” ТББ-ын дэмжлэгээр Монголын боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв, “Ачит үйлс” ХХК хамтран боловсруулжээ.

 

相关新闻