Францын сенатын гишүүд Хавдар судлалын үндэсний төвд зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Францын парламентын гишүүд Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д зочилж ажлын уулзалт хийлээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын
найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид тус төвд
зочилсон юм.
ХСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон
гүйцэтгэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү хэлэхдээ, “Францын хавдрын эмнэлэг, төвүүдэд манай эмч сувилагч нар мэргэжил дээшлүүлж, Франц эмч нарын баг манай эмнэлэгт олон чиглэлээр мэргэжилтэн сурган, дэмжлэг үзүүлж байлаа. Ялангуяа дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг, Францын мэс засалч Мишель Жиле хувиасаа 100 мянган еврогийн чек барин ирж, ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн тасгийг 2008 онд байгуулахад бүх тоног төхөөрөмжөөр хангасан нь одоо ч үүргээ гүйцэтгэсээр байгаа
юм. Тэрбээр мэдлэг чадвараа шавь Ж.Чинбүрэндээ харамгүй заасан нь олон монгол хүнд тус болж, одоо түүний хамтран зүтгэгч нар, шавийн шавь нар нь амжилттай нутагшуулан хагалгааг амжилттай хийж байна” гэв.
Уулзалтаар цаашид хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оношилгооны чадамжийг сайжруулж мэргэжилтэн сургах, судалгааны ажлыг бүхий л талаар дэмжин ажиллахаа Сенатын гишүүд илэрхийлж дараагийн онлайн уулзалтаар ажлаа нарийвчлан хэлэлцэхээр тогтжээ.