Тахир дутуугийн тэтгэвэр авдаг иргэдийн мэдээлэлд хяналт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-29 16:18:51

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын А/120, Завхан аймгийн Засаг даргын А/331 тоот захирамжийн дагуу даатгуулагч иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх ажлын баг байгуулсан.

Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус төлөөлөлтэй хамтран халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хяналт шалгалтыг хийж байна. Ажлын багийнхан хөдөлмөрийн чадвар алдсан иргэдээс түүвэрлэн, иргэдийн гомдлыг нэг бүрчлэн барагдуулж, хяналт, шалгалт хийхээс гадна хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч иргэний ажил эрхлэлтийн байдалд судалгаа хийнэ. Мөн иргэдээс эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой санал, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэн ажиллах юм.


Хөдөлмөрийн чадвар алдалтаа 90-100 хувиар тогтоолгосон,

ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд байна

Даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалтыг дараах иргэдийг бүрэн хамруулан хийж байна.

Үүнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон заалт өвчний ангилал хоорондох заалт хоёр ба түүнээс дээш удаа өөрчлөгдсөн 156 иргэн. Сүүлийн гурван жилд нийгмийн халамжийн сангаас нийгмийн даатгалын санд шилжин тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа 193 иргэн. 10 ба түүнээс дээш жил хөдөлмөрийн чадвар  алдалтын хувь, хугацаа тогтоолгосон 1606 иргэн. Хөдөлмөрийн чадвар алдалтаа 90-100 хувиар тогтоолгосон ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд байна. Тиймээс дээрх долоон иргэний мэдээлэлд мөн хяналт хийж байгаа. Түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтаа үргэлжлүүлэн сунгуулж байгаа 17 иргэний мэдээлэлд тус тус хянаж шалгаж байна.   


Хяналтын үеэр иргэнийг байлцуулан эмчийн үзлэг, оношилгоонд хамруулна

Ажлын баг аймгийн хэмжээнд тахир дутуугийн тэтгэвэр авдаг нийт 1697 иргэний мэдээлэлд мөн хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын үеэр оношийн үндэслэл, баталгаажилт хангалтгүй. Төрөлжсөн мэргэжлийн эмчийн байнгын болон идэвхтэй хяналтгүй тохиолдолд иргэнийг байлцуулан эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулна.

Харин өвчний хүндрэл, үе шатаас хамаарч сэргээн засах боломжгүй. Удаан хугацааны эмчилгээ шаардсан хорт хавдрын гурав, дөрөвдүгээр үе, цусны эмгэг, бүх  төрлийн тайралт, халдварт өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг хамруулахгүй.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтыг хамгийн өндөр байгаа өвчний ангиллаар авч үзвэл, нэгдүгээрт сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй 695 хүн байна. Мөн гэмтэл согогийн өвчинтэй 529, дотрын өвчинтэй 473 хүн байна. Харин нийгмийн даатгалын болон халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг нийт 1697 иргэний мэдээлэлд хяналт шалгалтыг хийж байна гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс тус тус мэдээлэв. 

相关新闻