Сүүлийн 24 цагт 2 461 хүн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2 461 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 58 тохиолдлоор цөөн үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1 298 нь Улаанбаатар хотод, 1 163 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн их буюу 148 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд 8 254 иргэн эдгэрсэн бол 20-80 насны 19 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1 241 хүн нас бараад байна.
Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 62 420 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.