“Рой Чапмен Эндрюс Монголд” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ.
XX зууны эхэнд Америкийн байгалийн түүхийн музейгээс Монголд зохион байгуулсан Төв Азийн гурван удаагийн экспедицийг толгойлж, палентологи, археологи, хүн судлалын үнэлж баршгүй ач холбогдолтой зохиолууд бичсэнээрээ “Монголын Эндрюс” хэмээн нэрлэгддэг Рой Чапмен Эндрюсийн 1919-1925 оны монгол орон, монголчуудын зан заншил, эгэл бор амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан ховор бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэжээ.
Рой Чапмен Эндрюс нь Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийг удирдан зохион байгуулахдаа 1919, 1922, 1923, 1925 онд монгол нутагт дөрвөн удаа айлчилж байжээ. Ингэхдээ манай орны хөхтөн амьтан судлал, шувуу судлал, геологи, палеонтологи, эртний болон орчин цагийн ургамлыг судлан, археологийн асар их баялагтай, шинжлэх ухааны онцгой чухал бүс нутаг болохыг баталсан байдаг.
Анх 2013 онд БСШУЯ, Улаанбаатар хотын музей, Палеонтологийн музей хамтран уг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байжээ. Ийнхүү хоёр дахь удаагаа Улаанбаатар хотын музей, Монгол Арт галерей, “Гамма” гэрэл зургийн агентлаг, “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ хамтран “Индиана Жонс Рой Чапмен Эндрюс Монголд” (1919-1925 он) гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулаад байна.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, “Энэ удаагийн үзэсгэлэнг гурван төрлийн дэглэлттэй тавьж байгаа. Тухайлбал, 1919-1925 онд Рой Чапмен Эндрюсийн удирдсан Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийн археологи, палеонтологи, үлэг гүрвэлийн эртний олдвортой холбоотой гэрэл зургууд бий. Хоёрдугаарт, 100 жилийн өмнөх монголчуудын ахуй байдлыг буулгасан гэрэл зургууд, гуравдугаарт, XX зууны эхэн үеийн Монголын хот суурин газар, сүм хийдийг хальснаа буулгасныг үзэсгэлэндээ багтаасан юм. Үзэсгэлэнгийн 60-70 хувь нь тухайн үеийн монголчуудын ахуй байдлыг харуулснаараа онцлогтой” хэмээв.
Кино найруулагч Б.Баяр, “Хоёр дахь удаагаа гарч буй уг үзэсгэлэнг зорьж ирж үзлээ. Энэ үзэсгэлэнгээр 100 жилийн өмнөх монголчуудын амьдралын хэв маягийг харж болохоор байна. Рой Чапмен Эндрюс Монголд дөрвөн удаа ирэхдээ манай орны онгон дагшин байдал, ахуй амьдралыг дэлхий нийтэд сурталчилж байсан нь гайхалтай. 1920-иод оны үеийн аж амьдрал, соёл, ёс заншлыг харахыг хүсвэл иргэд, олон нийт, залуус заавал ирж үзээрэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Их хүрээ, Монголын хязгаар нутгуудын соёл, түүхийг гэрэл зургийн хальсанд үлдээсэн нь маш чухал баримт, өв юм. Уг бүтээлүүдээс маш олон уран бүтээлийн санаа төрсөн байдаг. Тиймээс урлаг судлаач, уран бүтээлчид “Индиана Жонс Рой Чапмен Эндрюс Монголд” гэрэл зургийн үзэсгэлэнг ирж үзээрэй” хэмээн зураач Д.Батнасан уран бүтээлчдэд санал болгож байлаа.
Нийт 125 гэрэл зургаас бүтсэн уг үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. 100 жилийн өмнөх монголчуудын ахуй амьдралаар аялахыг хүссэн хэн бүхэн Дүнжингарав худалдааны төвийн урд байрладаг Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зочлох боломжтой.