Баянгол дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-10-21 17:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн есдүгээр хорооны гэр хороололд 640 хүүхдийн суудалтай 146 дугаар сургууль, 11 дүгээр хороонд шинэчлэн барьсан 280 хүүхдийн 30 дугаар цэцэрлэг ашиглалтад орж, албан ёсоор нээлтээ хийлээ.


Сургууль, цэцэрлэгийн нээлтэд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар оролцож хэлэхдээ, “Энэ сургуулийг 10 айлын газрыг чөлөөлж барьсан. Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо” гэдгийг онцлоод, тус сургуулийн багш, ажилчид, сурагчдад баяр хүргэн, сурлагын амжилт хүссэн юм.

Шинээр ашиглалтад орсон 146 дугаар сургууль нь гурван давхар, 3500 ам метр талбайтай бөгөөд дулаан, цахилгаан, төвийн шугамд  холбогджээ. Ирэх жил сургууль орчмын 400 метр авто зам, автомашины зогсоол зэрэг тохижилтын ажлыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох,  “Улаанбаатар хотод улсын сургуульгүй 100 гаруй хороо байдаг. 146 дугаар сургууль ашиглалтад орсноор “Эрдмийн ундраа”, 113 дугаар сургуульд гурван ээлжээр хичээллэж байсан ес, 21 дүгээр хорооны 600 гаруй сурагч орчин үеийн, тохилог анги танхимтай сургуульд хичээллэхээр боллоо” гэсэн юм.


Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд шинэчлэн барьсан 30 дугаар цэцэрлэг нь 1964 онд 22 дугаар ясли нэртэй анх байгуулагдаж байсан. Хичээлийн байр нь хуучирч, муудсан тул 2018 онд буулган, барилгын ажлыг шинээр эхлүүлсэн юм. Цэцэрлэгийн барилгыг “Зэндмэнэ суварга” ХХК орчин үеийн шинэ технологи буюу металл фасад технологийг ашиглан барьжээ. 58 жилийн түүхтэй тус цэцэрлэгийн хүчин чадал нэг дахин нэмэгдэж, дүүргийн 11, 12, 22, 23 дугаар хорооны 280 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж, нөхцөл бүрдэж байна.




相关新闻