ХХЕГ “Рио-2016”-г зорих тамирчиддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-07 15:35:48

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, хамт олон “Рио-2016” олимпийн наадамд оролцох “Хилчин спорт хороо”-ны тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүүлэв. 

Тус арга хэмжээнд ХХЕГ-ын дарга хошууч генерал Ш.Лхачинжав, бэлтгэл, дэд хурандаа Н.Баатархүү нарын бие бүрэлдэхүүн оролцлоо. Ирэх сарын 5-21-нд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо олох “Рио 2016” олимпийн наадамд одоогийн байдлаар манай улсаас 40 орчим тамирчин оролцох юм.

ХХЕГ-ын харъяа “Хилчин спорт хороо”-ны тамирчдыг танилцуулахад, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Д.Сумъяа, Азийн наадмын боксын аварга Д.Отгондалай, жүдогийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин, спортын мастер Д.Гантулга нарын 6 тамирчинд хүндэтгэл үзүүлэн шагнаж урамшуулав.

Тамирчдад баяр хүргэн ХХЕГ-ын бэлтгэл, дэд хурандаа Н.Баатархүү “Өнөөдөр бид залуу тамирчдаа бахархан харж байна. Одоогоос 70 жилийн өмнө манай “Хилчин спорт хороо” байгуулагдаж байлаа. Үе үеийн тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож явсан ахмад тамирчид энд цуглажээ. Олимпийн эрх авсан 6 тамирчинд ахмад тамирчдын чин сэтгэлийн халуун баярыг хүргэж 999 мянга 999 төгрөгийг бид хандивлаж байна. Энэ бидний өчүүхэн бэлэг юм шүү. Баяртай уулзахын ерөөл дэвшүүлж 10 гаруй мянган хилчин захыг чинь мушгиад хүлээж сууна ” хэмээв.

МУГТ, дэлхийн хошой аварга олимпийн хүрэл медальт, дэд хурандаа С.Батцэцэг “Үргэлж сэтгэл зүрхээрээ биднийг дэмждэг хамт олондоо маш их талархаж явдаг. Тамирчид бидний хүсэл зорилго Риогийн олимпод Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэх явдал. Тиймээс нийт ажилчин, албан хаагчид та бүхний сэтгэл шингэсэн болохоор тамирчид бид өндөр амжилт гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байгаа” гэв.

Д.Өлзий

 

相关新闻