“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд шинэ 9 зогсоол нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 43 ажил төлөвлөснөөс 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэж мэдээлжээ.
Тус нисэх буудалд шинээр онгоцны 9 зогсоол ашиглалтад орж, хөөрч буух зурвасын төгсгөлийн 500 метрт хүчитгэлийн ажлыг хийж дуусгасан байна. АСЕМ-ын үеэр 23 улсын 29 агаарын хөлөг буух бөгөөд цагийн зохицуулалтыг хийж буух зурваст ямар нэгэн асуудал үүсэхгүй хэмээн албаныхан онцоллоо.
“Буянт-Ухаа”-д шалган нэвтрүүлэх 8 цэгийг иж бүрэн шинэчилснээс гадна олон улсын зорчигчдод зориулсан зай талбайг өргөтгөх, шинээр транзит танхим, агаарын хөлөгт суух хоолой, хүндэт зочны төв танхимыг шинэчилж, гэрэлтүүлгийг сайжруулжээ. Монгол Улс Ази, Европыг холбосон, агаарын замаар дамжин өнгөрөхөд аюулгүй байдлыг бүрэн хангасан хамгийн таатай газар зүйн байршилтай улс. Тиймээс транзит танхимыг бий болгосноор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэг нэмэгдэж улмаар улсын төсөвт оруулах навигацын орлого нэмэгдэх боломж бүрджээ.
Транзит танхимд олон улсын зорчигчдын явах, ирэх танхим, бизнес танхим, худалдаа үйлчилгээ, амрах өрөө зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна. Танхимын бүтээн байгуулалт нийтдээ 2000 гаруй м.кв талбайг хамарснаар нисэх буудал цагт 1200 орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай боллоо. Өмнө нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудал цагт 800 орчим зорчигчдод үйлчилдэг байв.