Яармагийн болон Богд уулын арын замыг дугаарын хязгаарлалтад хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр буюу энэ сарын 14-17-нд Яармагийн болон Богд уулын арын замыг 08.00-20.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтад хамруулах болсон талаар өнөөдөр ЗЦГ-аас мэдээлэв.
АСЕМ-ын уулзалтын үеэр гадаадаас 5000 мянга орчим төлөөлөгчид ирэх юм. Зочидын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалтын үндсэн бүс дээр дээрх 2 маршрутыг нэмэх болсон хэмээн ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат хэллээ.
Тэрбээр, “АСЕМ-ын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн тоог тэгш, сондгойгоор нь ангилан хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, 14, 16-нд сондгой, 15-16-нд тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм. Мөн дугаарын хязгаарлалттай бүсэд 10 тонноос дээш ачааны машин хөдөлгөөнд оролцохыг хориглосон. АСЕМ-ын өдрүүдэд Нарантуул, Бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Дүнжингарав, Сандей, Өгөөмөр, Шөнийн зах ажиллахгүй” хэмээв.
Мөн тэрбээр улсын баяр наадмын үеэр автомашинуудад олгох тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэв. Наадмаар нийт 7600 автомашинд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох аж. Тухайлбал “А” зөвшөөрлийг 400, “ДК” зөвшөөлийг 100, “Ж” зөвшөөрлийг 100 автомашинд олгоно. Харин “Г” -2000, “Шар-Ү” зөвгөөрөл 300ш, Ногоон-Ү”-700, “Улаан-М”-1000, “Цэнхэр М”-3000 зөвшөөрөл олгох юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт тусгай зөвшөөрөл зорчигч тээврийн хэрэгслээ доорх зааврын дагуу зогсоолд байрлуулах ёстой.
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байруулах юм.
“Г”, “Шар-Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” компанийн талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” компанийн зогсоолд байрлах юм.
Хүй долоо худагт:
“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
“Г”, цэнхэр “М”, ногоон “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд эхний уулзвараар баруун гар тийш эргэж , үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлана.
Улаан, цэнхэр өнгө бүхий “М”, ногоон “Ү” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт, “Шар-Ү” зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх юм.
Зөвшөөрөл аваагүй иргэд Дүнжингарав болон Мишээл экспо төвийн зогсоолд автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой аж.
Наадмын өдрүүдэд ЗЦГ, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензын төвийн 800 орчим алба хаагч замын хөдөлгөөн зохицуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.
Түүний дараа Нийслэлийн нийтийн тээврийн газрын Орлогч дарга О.Түшиг наадмын үеэр нийтийн тээврийн хэрэгслүүд хэрхэн ажиллах талаар мэдээлэв. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 82 чиглэлд их багтаамжийн 659 автобус үйлчилгээнд гарах аж. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төв рүү энэ сарын 11,12-нд хотын зүүн болон хойд зүгээс 24 чиглэлийн 159 автобус үйлчилгээ үзүүлнэ. Мөн Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд 3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчлэх юм. Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос их багтаамжийн 20, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “Ханын материал”, “Офицеруудын ордон” -оос тус бүр 4 микро автобус үйлчилнэ. Мөн ”RAILBUS”-аар зорчигчдод зориулан Давааны өртөөнөөс морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Мөн Төвцэнгэлдэх хүрээлэн орчимд тусгай тэмдэглэгээ бүхий таксины 3 зогсоол байгуулжээ. Дээрх зогсоолоос нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 12 такси компанийн 400 орчим такси иргэдэд үйлчлэх юм. Таксины тариф энгийн үеийнхтэй адил буюу эхний 1 км нь 1000 төгрөг, 2 болон түүнээс олон км газарт 800 төгрөгөөр тооцох аж.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр