Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго бүхий “Төрийн далбааны өдөр” маргааш буюу энэ сарын 10-нд тохионо.
2008 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар Төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулуулж, улмаар 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон. Энэ өдөр Чингисийн талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод буй. Чингисийн талбайд төрийн далбаа мандуулан, хүндэтгэл үзүүлэх ёслол маргааш өглөө 09.30 цагт эхлэх бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх юм.
Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС-ийн 2000 гаруй алба хаагч оролцоно. Жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлах юм. Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж, Тугчаар ЗХЖШ-ын Бодлого, стартеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Туг хамгаалагчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Н.Батбаяр нар ажиллах юм.
Төрийн далбааны өдрийг дэлхийн олон орон тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тухайлбал, Аргентин улс зургадугаар сарын 20, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14-нд тэмдэглэдэг аж.
Ч.Ариунболд