Японы вааран болон уран зургийн хавтанг байнгын үзмэр болгон байрлууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Япон уран бүтээлчдийн урласан вааран болон уран зургийн хавтанг “Чингис хаан” үндэсний музейд байнгын үзмэр болгон байршууллаа.
Монгол, Японы ард түмний найрамдал хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Урлаг найрсаг харилцааны нандин хэлхээ” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус бүтээлийг дэлгэсэн юм. Вааран хавтан нь газар дундын тэнгисийн эрэг орчимд анх үүссэн өнө эртний түүхтэй урлал бөгөөд хамгийн эртний хавтан НТӨ 3500 оны үеийн Месопотамын Урук хотын сүмийн тууриас гарч иржээ. Тухайн үеийн хүмүүсийн хувьд эдгээр нь ямар их их үнэ цэнтэй зүйл байсан нь сүм хийд зэрэг онцгой чухал барилга байгууламжуудыг чимэглэхэд хиймэл эрдэнийн чулуу болгон ашиглаж байснаас харагдана. Хожмоо энэ төрлийн урлал нь Египет, Грек, Ром зэрэг эртний соёл иргэншилт орнуудад тархан дэлгэрч, гоо зүй урлагийн агуулга нь улам бүр баяжин хөгжих болжээ. Харин орчин цагт вааран хавтангийн урлал дэлхий даяар, тэр дундаа Европт өргөн дэлгэрч, уран бүтээлчид ваар, шаазан эдлэлийн брэнд болгон үе дамжин үйлдвэрлэж үнэ цэнийг нь өсгөсөөр буй аж.