Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-05 09:15:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 12.00 цагт эхэлнэ.


Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай юм.


Ташрамд дурдахад, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 1-нээс соёл урлаг, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Ингэхдээ, үзвэр үзэгч иргэн коронавирусний түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх, эсхүл дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлага тавих юм. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар тогтсон юм. Үүнээс хойш энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна.

相关新闻