Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг турших бөхчүүдийн нэгдсэн бэлтгэл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-20 17:40:32

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бөхчүүд болон бөх сонирхогчдын шүүмжлэлийн бай болоод байсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг турших бэлтгэлийг энэ сарын 22, 23-нд зохион байгуулахаар болсныг Монголын үндэсний бөхийн холбооноос зарлалаа.


Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл болон засварын бусад ажлаас шалтгаалж бэлтгэл хийх цагийг маргааш зарлах аж. Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өмнө туршилтын барилдаан зохион байгуулж, бөхчүүдийн саналыг сонсоно хэмээн мэдэгдсэн. Бэлтгэлийн үеэр бороо орохгүй бол хиймэл бороожуулагч ашиглаж туршилт хийе гэдэг дүгнэлтэд хүрсэн гэдгийг онцолсон юм. Наадмын нээлтийн ёслол болон бусад үйл ажиллагаанаас хамаарч, цэнгэлдэхэд амьд зүлэг дэвсэх боломжгүй талаар албаныхан мэдээлсэн.


Тэгвэл хиймэл зүлэг тавьж дууссаны дараах туршилтад улсын аварга О.Хангай хамгийн түрүүнд ирэхээ Төв цэнгэлдэхийн удирдлагуудтай уулзах үеэрээ дурдаж, бөхчүүдийг идэвхтэй байхыг уриалж байсан билээ.

相关新闻