Аймгийн хэмжээнд шүлхийн хоёр голомт бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-16 11:05:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 18 аймгийн 81 сумын нутагт малын гоц халдварт өвчин бүртгэгдээд байна. Дархан-Сэлэнгийн бүсэд 2021 оны 11-р сарын 15-ны өдрийн байдлаар 8, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хоёр голомт бүртгэгджээ.

Дархан сумын төвөөс 20 км зайд байрлах Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Шийрийн бригад гэх газарт нутагладаг 44 малчин өрхийн 791 мал шүлхий өвчнөөр өвчилснийг малын эмчийн үзлэгээр илрүүлсэн. Харин энэ сарын 13-ны өдөр Орхон сумын Энхтал багийн Бүрэнтолгой хэсэгт нутагладаг малчин өрхийн нэг үхэр шүлхийгээр өвчилснийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн Төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулжээ. Голомт гарсан сумдын Засаг дарга нарын захирамжаар тухайн бүс нутгуудад хорио, цээрийн дэглэм тогтоон, хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд голомтуудад гурван малын эмч, багийн Засаг дарга, ХААТ-ын ажилтан тус бүр нэг, нийт 5 ажилтан ажиллаж байна. Мөн өвчтэй малыг ялгах, шинж тэмдгийн эмчилгээ, халдваргүйтгэл хийх, дархлаажуулах, голомтын бүсэд дэглэм сахиулах, мэдээлэл сурталчилгаа хийх, голомтын бүсэд орох, гарах хөдөлгөөнийг хориглох зэргээс гадна хамгаалалтад суурин хяналтын таван пост, дөрвөн хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Дархлаажуулалтын 12 ажлын хэсэгт малын эмч, мэргэжилтэн 20, багийн Засаг дарга нар, бусад төрийн албан хаагчид, мал баригч нар ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд нийт 315.900 толгой мал бий. Үүнээс дархлаажуулалтад 178.700 тун вакциныг татан авсан. Өнөөдрийн байдлаар нийт вакцины 40 гаруй хувь буюу 79529 толгой малд шүлхийн вакцин хийжээ. Цаашид вакцинжуулалтыг эрчимжүүлэх, өвчний голомтын бүсэд мөрдөх журам, зааврыг чанд мөрдүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, тэмдэг тэмдэглэгээ, анхааруулах самбарыг байрлуулах, эрүүл бүсийн айл өрхийн малыг хариулга маллагаатай болгох, малчдад ухуулга сурталчилгаа зохион байгуулах, голомтын доторх хөдөлгөөнийг бууруулах, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч 14 хоногийн хугацаанд вакцинжуулалтыг бүрэн дуусган, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахаар МЭГ-аас төлөвлөжээ.

Шүлхний өвчинтэй холбоотой хорио цээр тогтоосон бүс нутгаас мал, малын мах тээвэрлэхийг хориглох шийдвэрийг аймгийн Онцгой комиссын  хуралдаанаас гаргалаа. Харин эрүүл бүсээс гарал үүслийн бичигтэй малын махыг оруулж ирэх асуудалд ямар нэг хязгаарлалт хийгээгүй аж.

Малын гоц халдварт өвчинтэй холбоотой мал махны бэлтгэн нийлүүлэлт, вакцинжуулалттай холбоотой асуудлыг хууль журмын хүрээнд хэрэгжүүлэх тодорхой саналыг боловсруулж, дараагийн хуралдаанаар танилцуулан шийдвэрлүүлэхийг Мал эмнэлгийн газарт аймгийн Онцгой комиссоос үүрэг болголоо.

 

相关新闻