Өлгий сумын 104 өрхөд шинээр газар олгохоор болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-14 15:13:04

Баян-Өлгий аймгийн Өлгийн суманд хүчтэй аадар бороо орсны улмаас 770 гаруй иргэн орон гэргүй  болсонтой холбогдуулан өнөөдөр тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаар 104 өрхөд шинээр газар олгохоор болжээ.

 Онцгой комиссоос үерт нэрвэгдэгсдэд шинээр газар олгох, орон байргүй үлдсэн иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч буй аж.

  Байгалийн гамшгийн үеэр 18 байшин нурж, нэг хүн нурсан байшинд дарагдаж, 110 орон байр, эд хөрөнгө усанд автаж, голын усанд нэг хүн боогджээ.

Онцгой байдлын газрын албан хаагчид байшинд дарагдсан гурван хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн байна. Мөн усанд боогдсон 154 хүнийг аварч, голын усанд боогдсон нэг өрхийн таван хүнийг завиар аюулгүй газарт хүргэжээ. Хүчтэй аадар борооны үеэр Өлгий сумын 9-р багийн иргэн Д-ийн гурван настай хүүхэд устай нүхэнд унаж амь эрсэдсэнийг Цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Аврах ажиллагаанд Онцгой байдлын газраас 35 албан хаагч, 4 автомашин, Цагдаагийн газраас 100 албан хаагч, 6 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газраас 6 хүн, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиас 20 албан хаагч,  зам засварын “Жол” ХК-иас 10 ажилчин, Камаз маркийн 1, ковш 1, цэвэр, бохир усны “Суат” компаны 8 ажилчин, авто кран 1, квош 1, хувь хүний 1 кран техник хэрэгслийг дайчлан ажиллуулж байгааг албаныхан хэллээ.

Б.Заяа

相关新闻