Хүмүүнлэгийн тусламж Баян-Өлгий аймаг руу хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлсын Онцгой комиссоос Баян-Өлгий аймгийн үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий 6 тээврийн хэрэгслийн цуваа өнөө өглөө Улаанбаатар хотоос хөдөллөө.
Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн юм.
Тусламжийг цувааг хүргэхээр ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийг зорив.
Ж.Болор