Байгаль орчны ТББ-ууд чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны ТББ-уудын
үндэсний VII чуулган
өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Чуулганы талаар байгаль орчны ТББ-уудыг
нэгтгэдэг шүхэр байгууллага Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн
тэргүүн Б.Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ, “Монголын байгаль орчны чиглэлийн ТББ-ууд 2 жилд нэг удаа үндэсний чуулганаа зохион байгуулдаг. Чуулганаар Байгаль хамгаалах тухай хуульд заасан ус, газар, газрын хэвлий, ой, агаар, хөрс гэсэн үндсэн 6 обьектын хүрээнд аль нэгээр тулгамдсан сэдвийг сонгон авч чуулганы эхний хэсгээр хэлэлцдэг уламжлалтай. Тухайн сэдвээр дүгнэлт, зөвлөмж гаргадаг. Энэ уламжлалын дагуу энэ удаагийн сэдвээр усны асуудлыг хөндөн “Цэнхэр алт-Ногоон хэрэм” уриан дор чуулж байна” гэв.
Усны асуудлыг хөндөж байгаа
нь нэг талаас яг цаг үеэ олсон сэдэв болоод буйг тэрээр тодотгож, яагаад энэ
сэдвийг хөндсөн талаар, “Манай улс усны хомсдолд орж болзошгүй байгаа дэлхийн
20 орны нэгд бичигдээд байна. Нөгөө талаар Монгол Улс эдийн засгаа сэргээх
зорилгоор, ялангуяа Ковид-ын дараах цочрол байдлаас гарах, ажлын байраа
нэмэгдүүлж, хүн амын орлогыг тогтворжуулах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ
сэргэж байна. Энэ бүхний үндэсийн үндэс нь ус юм. Усгүйгээр ямар ч үйлдвэрлэл
үйлчилгээ явахгүй, амьдрал байдаггүй.
Үйлдвэрлэлийн хэрэгцээний ус, хүн амын унданд ашиглах эрүүл ахуйн шаардлага хангасан ус, хот суурингийн усан хангамжийн асуудлыг бид хөндөж байна. Өнөөдөр дэлхий нийтэд устай холбоотой янз бүрийн гамшгийн эрсдэл сүүлийн жилд өндөр давтамжтай нүүрлэн гарах болсон. Үүнтэй холбоотой, усны үндэсний аюулгүй байдлын үнэлгээ нь чухал үзүүлэлт болж байгаа” талаар тэмдэглээд, иргэний нийгмийн байгууллагууд усны салбарын эрдэмтэн судлаачидтай хамтраад асуудлыг эрэмблэн өөрсдийн дүгнэлт зөвлөмжөө төр, засаг, олон улсын байгууллагууд, олон нийтэд гарган өргөн барьж буйг дуулгалаа.
МБОИЗ нь байгаль орчны
ТББ-уудыг нэгтгэдэг, өнөөдрийн байдлаар 225 идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй,
үүний 142 нь хөдөө, орон нутагт ажилладаг гишүүнчлэлтэй, үндэсний хэмжээний шүхэр
байгууллагын хувьд 4 жилд нэг удаа удирдлагаа сонгодог байна. Гишүүн ТББ-ууд нь
дээр дурдсан үндсэн 6 чиглэлээр хуваагдан ажилладаг, дэргэдээ 26 хүнээс бүрдсэн
эрдэмтэн, судлаачдын зөвлөл болон мөн “Ногоон парламент” ажиллуулж байгаль
орчны асуудлаа хэлэлцдэг байна. МБОИЗ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр орчны
бохирдол, гамшгийн эрсдлийн доктор О.Эрдэнэсайхан, байгалийн ухааны доктор,
фикикч Б.Эрдэнэ нарын эрдэмтэн доктор 9 гишүүнтэй ажиллаж байна.
Чуулганд аймаг, нийслэлээс 60, орон нутгаас 119 ТББ-ын төлөөлөгч биеэр ирж оролцов. Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Увс, Баян-Өлгий, Завхан Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгаас дийлэнх төлөөлөгчид иржээ.
Гэрэл зургийг Н.Батбаяр