Янгирын сүргийг ус уух боломжоор хангаж, биотехникийн арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-07 16:59:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим нутгаар цас ороогүй тул янгир ямаа усгүйдэх, авто замын хашлага амьтдын шилжилт хөдөлгөөнд саад учруулж байгаа нь ойрын өдрүүдэд их ажиглагдаж байна. 

Үүнтэй холбогдуулан энэ сарын 2-ны өдөр Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар хамтран найман тонн усыг зөөвөрлөн Ховд сумын Баянбулаг багийн Ямаат улаан уулын Ганц мод гэх газраар усанд орж ирдэг янгирын сүргийг ус уух боломжоор хангаж, биотехникийн арга хэмжээ авчээ. 

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 4.1.12 дахь заалтад "амьтны нөөцийг хамгаалах" гэж амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорохойлох, биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино гэсэн байдаг. 

Ховд, Баян-Өлгий аймгийг холбосон хатуу хучилттай авто замын зарим хэсэг нь янгир ямааны тархац, байршил бүхий газартай тун ойрхон байгаа аж. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Ховд сумын нутгаар янгир тархан бэлчээрлэдэг бөгөөд тухайн газрын ойролцоо хатуу хучилттай зам, шороон зам барьснаар зэрлэг амьтан, тэр дундаа янгир ямааны бэлчээр хомсдож, ус уух боломж нь хумигдах нөхцөл үүссэн гэж нутгийн иргэд хэллээ.

Янгир тус авто замаас тодорхой хэмжээний зайтай, аюул бага газраар явж ус уух боломж байгаа. Гэвч амьтны олон жилийн дадал, хэвшлийн дагуу яг нэг л газраар ирж, авто замыг дайран өнгөрч, хашлага, гүүрэнд тулж байгаа аж. Тэгэхээр цаашид амьтны дадлыг харгалзан үзэж тухайн газарт зэрлэг амьтны аюулгүй зорчих гарц бий болгох, ус уух боломж бүрдүүлэх хэрэгтэй гэх саналыг зарим иргэд уламжиллаа.  

相关新闻