"Дэлхийн мисс-2021" тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг хойшлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Пуэрто Рикод өчигдөр болох байсан "Дэлхийн мисс-2021" тэмцээний эцсийн шатны
шалгаруулалтыг хойшлуулсныг зохион байгуулагчид нь мэдээлэв.
Тэмцээнд оролцогчид, ажилтнууд, багийнхан болон олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс түр хойшлуулж, Пуэрто Рикогийн Coliseum Jose Miguel Agrelot цэнгэлдэх хүрээлэнд ирэх 90 хоногийн дотор дахин товлох аж.
Вирус судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүд Пуэрто-Рикогийн Эрүүл мэндийн газартай ярилцсаны дараа зохион байгуулагчид нь Пуэрто Рико дахь дэлхий даяар цацагдах финалыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Өчигдрийн
байдлаар тайзан дээр болон хувцас солих өрөөнд эрсдэл нэмэгдэж, эерэг
тохиолдлууд батлагдсан тул тэмцээнд оролцогчид, ажилтнууд, үзэгчдийн аюулгүй
байдалд нэмэлт арга хэмжээ авсан байна. Эмнэлгийн
мэргэжилтнүүд ийм нөхцөл байдалд нэн даруй хорио цээрийн дэглэм барьж,
ажиглалт, шалгалт хийх шаардлагатай гэж үзжээ.
Тэмцээнд
оролцогчид болон ажилтнуудыг эрүүл мэндийн ажилтан, зөвлөхүүд зөвшөөрсний дараа
эх орон руу нь буцаах аж.
"Дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөхөөр оролцогчдоо эргэн ирэхийг бид маш их хүлээж байна" гэж Miss World Ltd компанийн захирал Жулиа Морли хэлжээ.
Ташрамд дурдахад, тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин үндэсний өв соёл уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа юм.