Мексикийн ард түмэнд монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг таниулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-18 12:47:36

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. БНФУ-ын гэрэл зурагчин Филипп Пакетын “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” гэрэл зургийн үзэсгэлэнг Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотноо Дэлхийн соёлын үндэсний музейд энэ сарын 14-нд нээв.


Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Өргөмжит консулын дэмжлэгтэйгээр дэлгэсэн тус үзэсгэлэн нь мексикийн ард түмэнд монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, ард түмнийх нь соёл, өв уламжлалтай танилцах боломж олгох, Монгол, Мексикийн ард түмний харилцан ойлголцлыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.


Үзэсгэлэнд гэрэл зурагчин Филипп Пакет Баян-Өлгий аймаг болон Төв аймгийн Хустайн нуруу, Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан зэрэг байгалийн цогцолбор газарт 2023 онд ажиллах үеэрээ дарсан нүүдэлчин гэр бүлийн хөрөг, говь цөлийн өвөрмөц тогтоц, Алтайн нурууны сүрлэг уулс, бүргэдтэй анчдын дүр төрхийг харуулсан гэрэл зургуудыг толилуулжээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Мексикийн Нэгдсэн Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Энрике Артуро Гутиеррес, Дэлхийн соёлын үндэсний музейн захирал хатагтай Алехандра Гомез Колорадо, Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мексикийн Соёлын яам, Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгийн удирдлага, бусад зочин төлөөлөгч оролцлоо.


Гадаад харилцааны яамны мэдээлснээр энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн хүрээнд болж байгаа аж. 








相关新闻