Олон улсын хөл бөмбөгийн холбооны дээд хэмжээний хурал цахимаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-23 16:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны дээд хэмжээний хурал 12 дугаар сарын 20-ны өдөр болж, 211 гишүүн холбооны төлөөлөгчид оролцлоо.


Монголын хөл бөмбөгийн холбооноос ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар уг хуралд оролцсон юм. Энэ удаагийн дээд хэмжээний хуралд эрэгтэй, эмэгтэй болон өсвөрийн тэмцээнүүдийн давтамжийг нэмэгдүүлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 жил тутамд зохион байгуулах санал гарган гишүүн холбоодод танилцууллаа.


Ийнхүү тэмцээний давтамжийг нэмэгдүүлснээр ОУХБХ дөрвөн жилийн хугацаанд 3.3 тэрбум фунт стерлингийн нэмэлт орлого олох төлөвтэй гэсэн судалгааг Nielsen, Open economic зэрэг судалгааны байгууллага гүйцэтгэсэн байна. Даваа гарагт уг судалгаа буюу 700 гаруй хуудаснаас бүрдсэн баримт бичгийг танилцуулж, тус байгууллагын 211 гишүүн холбооны төлөөлөгчид Арсен Венгерийн санаачилсан төсөлд хамрагдсан юм.



ОУХБХ-ны дараах төлөвлөгөө хэрэгжсэнээр бүх гишүүн холбооны нэгдсэн календарийг эрчимжүүлж, тасалбарын борлуулалт, хэвлэл мэдээллийн эрх, ивээн тэтгэгчийн санхүүгийн өсөлт мэдэгдэхүйц нэмэгдэх болно гэдгийг төлөөлөгчдөд мэдэгдэв.


Мөн ДАШТ-ий давтамж нэмэгдсэнээр тэмцээнийг зохион байгуулах боломж олон гишүүн холбоодод бий болох юм. Энэ нь зохион байгуулагч улсын өсвөрийн хөл бөмбөгийн хөгжил, дэд бүтэц, туршлага судлах, нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэжээ.

相关新闻