О.Амгаланбаатар: Уул уурхайн компанитай гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллах нь зүйтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-04 18:51:47

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 4-ний өдөр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийн хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй Улаанбаатар хотод уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад 55 аж ахуйн нэгжийн 58 төлөөлөл оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлэн санал солилцлоо. Уулзалтаар: 

-2019 онд Нийгмийн хариуцлагын хүрээнд "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх" чиглэлээр орон нутагтай байгуулсан гэрээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан дүгнүүлэх,

-Цаашид орон нутагтай харилцан ашигтай хамтран ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Түүнчлэн төсвийн шинэчлэлттэй холбогдуулан нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Татварын багц хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, орон нутгийн төсөвт ХХОАТ-аас бусад татварууд төвлөрдөг байсан бол 2022 оны нэгдүгээр сараас эхлээд ААНОАТ-ын 40 хувь орон нутгийн төсөвт, өөрөөр хэлбэл аймгийн төсөвт, 60 хувь нь улсын төсөвт төлөвлөгдөхөөр батлагдсан. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Уул уурхайн компанийн захирлууд Гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллах нь зүйтэй юм хэмээн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар онцоллоо хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.

Аймгийн хэмжээнд ашиглалтын 57, хайгуулын 73, түгээмэл тархацтай 9 нийт 139 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 564.1 мянган га буюу 4 хувийг эзэлж байна. 2021 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 8 талбайд 5 уурхай, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 45 талбайд 30 ААН үйл ажиллагаа явуулсан байна.

相关新闻