Хууль бусаар загас агнажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт хууль бусаар загас барьсан, тээвэрлэсэн хэргийг илрүүлэн шалгаж
байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Тодруулбал,
Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелдь/
загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны Хар нуур нь улсын тусгай
хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг
анхааруулж байна. Ялангуяа загасны үржлийн улиралд их хэмжээгээр
зөвшөөрөлгүй агнахыг хориглодог.
Тухайлбал Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан. Барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан. Худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан. Ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг гэв.
Бусдын
алдуул малыг завшвал эрүүгийн хариуцлага хүлээдэг
Аймгийн Цагдаагийн газраас мөн бусдын алдуул малыг завшсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Цагаанхайрхан сумын иргэн А нь тус сумын Харганын Хөшөөт гэх газарт байсан иргэн Ч-ийн хоёр тооны адууг бусдын эзэмшлийн болохыг мэдсээр байж завшсан хэргийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ингээд өнгөрсөн оны 12 дугаар сард яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тиймээс иргэд, малчдыг бусдын алдуул мал, гээгдэл эд хөрөнгө олсон тохиолдолд эзэнд нь хүлээлгэн өгөх. Эсхүл цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэхийг анхааруулж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол торгох заалттай. Ингэхдээ 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ гэв.
Ташрамд өнгөрсөн онд иргэдийн эзэмшлийн алдуул малыг завших хэрэг долоон удаа гарч, гэмт этгээдүүдэд эрүүгийн хуулийн дагуу ял шийтгүүлсэн байна.