М.Долгор: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 701 зөрчил илрүүлэн, болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-20 11:24:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Долгортой ярилцлаа.


 - Аймгийн ГХУСАЗСЗ-ийн өнгөрсөн жилийн ажлыг дүгнэж хэлнэ үү?

- Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлаар Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар тус тус хэлэлцлээ. Мөн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгч ажиллалаа.            

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээллийн ажлыг танхим болон цахимаар хэлбэрээр явуулсан. Хууль сахиулах байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг бууруулах талаар анхаарч зарим техник тоног төхөөрөмжөөр хангах ажил хийсэн байна.

Аймгийн хэмжээнд “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүдийн дунд нэгдсэн зөвлөгөөн, уралдаан зохион байгуулсан нь шинэлэг ажил боллоо. Хүний эрхийг хангах, ялангуяа насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болж буй нөхцөл байдлыг судлахад нөлөөсөн гэж үзэж байна.

- Байгалийн баялаг, ой, ангийн нөөцтэй нутаг. Үүнийг дагаад байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хууль бус ангийн зөрчил гарах магадлалтай. Энэ талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж, хэрэгжүүлсэн ажил бий. Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Бүрэгхангай сумын нутагт алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд 4 удаа хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, эвдрэлд орсон эзэнтэй 239,7 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүллээ. Эвдрэлд орж эзэн холбогдогч тогтоогдоогүй орхигдсон гурван нэгж талбайн эзэн холбогдогчийг олж тогтоон, гурван мэдээллийг бүртгэлд оруулан шалгаж, хоёр гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Хүрээлэн буй орчны гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулан явуулснаас гадна “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүллээ. Хүрээлэн буй орчны эсрэг таван гэмт хэргийг илрүүлэн гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн Сэлэнгэ мөрөн, Эг, Орхон гол, Гуртын гүүрний орчимд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлье” болон “Үер усны аюулаас сэргийлье” гэх иргэд олон нийтэд чиглэсэн ухуулга самбарыг байрлууллаа. Мөн “Миний дуу хоолой байгалийг хамгаалж чадна” санамж сэрэмжлүүлэг 600 ширхгийг хэвлүүлэн албан газрууд болон олон нийтийн газар, үйлчилгээний төвүүд, хот хоорондын зорчигч тээврийн газарт байрлуулан тараасан.

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын нэг чухал чиглэл нь архидан согтуурахтай тэмцэх явдал. Салбар зөвлөл энэ талаар ямар арга хэмжээ авсан бэ?

- Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж, сургалт, сурталчилгаа явууллаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, цар тахалтай холбоотой өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэр хэрэгжиж байх үед “Шаг” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан, архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 13 зөрчил илрүүлэн шалгаснаас 12 хүнийг 4.2, хоёр аж ахуйн нэгжийг 10.0 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

“Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил илрүүлэн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулжээ. Өнгөрсөн онд 706 хүнийг эрүүлжүүлсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 5.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос 16.9 хувиар өссөн байна.

- Хот хоорондын ачаалал ихтэй авто замтай аймаг. Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ямар ажил байна вэ?

- 2021 онд “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг 20 удаа зохион байгуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 701 зөрчил илрүүлэн болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 7-30 хоног баривчлагдсан 232 иргэнд дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байх чиглэлээр нийт 21 цагийн сургалт зохион байгуулсан. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хүүхдэд ээлтэй жолооч” нэгдсэн арга хэмжээнд аймгийн ГХУСАЗСЗ-өөс дэмжлэг үзүүлж ажилласан. 

相关新闻