Нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-21 17:18:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өөрийн гэсэн гэр оронгүй, орц хонгил дулааны худагт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг аймаг орон нутгаас шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 28 иргэнийг өвлийн хүйтэнд осгох, халдварт өртөх эрсдэлээс хамгаалах зорилгоор дулаан байранд байлгаж байна.

Тухайн иргэдийг түр байрлуулах хугацаанд зөвхөн дулаан байр, халуун хоол цайгаар үйлчлэхээс гадна эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эмнэлэгт хэвтүүлэх, бичиг баримтжуулах, амьдрах ухааны сургалтад хамруулах зэргээр нийгмийн хамгааллын үйлчилгээг төрийн болон магадлан итгэмжлэгдсэн ТББ-аар дамжуулан зохион байгуулж байна.

Мөн өнөөдрөөс эхлэн тухайн иргэдээс дулаан хувцастай, ажил хөдөлмөр хийх биеийн болон сэтгэл зүйн чадамжтай 18 иргэнийг хорооллын дундах зам талбайн цас мөс цэвэрлэх нийгмийн тустай хөдөлмөрт татан оролцуулж байна. Иргэд өглөө, өдөр тус бүр 3 цагаар ажиллаж НААҮГ-ын ажилчдын ажилд нэмэр болж байна. Ажлын багаж хэрэгслийг НААҮГ-аас ханган ажиллаж байна.

Цагаан сарын баярын дараагаас ХХҮГ-аас төрийн байгууллагууд, иргэд, ААНБ-тай хамтран тухайн иргэдийг бүтээн байгуулалтын чиглэлийн түр болон байнгын ажлын байранд зуучлах, цалин хөлстэй ажил хийлгэхээр төлөвлөжээ.

相关新闻